Багануур дүүргийн МАН-ын түүхэн хөгжлийн замнал нь Багануурын уурхай, Багануур хотыг бүтээсэн их үйлсийг удирдсан, зах зээлийн харилцааг бүрэлдүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөн олон зуун гишүүд дэмжигчдийн үнэнч шударга хичээл зүтгэл амьдрал тэмцлийн түүх юм.
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Нүүрэнтэйн талд нүүрсний нөөц илрүүлэхээр Зөвлөлтийн геологийн Дархан хот дахь салбарын Ё.Мартовицкий ахлагчтай хайгуулчид 1974 оноос “Бага гүн” нуур орчимд 480 гаруй цооног өрөмдөхөд нүүрсний ихээхэн нөөцтөй болох нь тогтоогджээ. Цахилгаан гэрэл нь шөнийн харанхуйг гэрэлтуулсэн хайгуулын жижиг тосгон “Бага гүн” нуурын зүүн дэнжид суурьшин өрөмдлөг хийж байхдаа нэг удаагийн ажилчдын цуглаан дээр зэргэлдээх нуурын нэрийг асуухад туслах ажилчин нутгийн унаган хүү Б.Жамъянсүрэн “Малое озеро” гэснээс үүдэн “Бага гүн” нуур түүгээр нэршин хайгуулын зураг дээр тэмдэглэсэн гэдэг. Түүнээс улбаалан “Багануур” гэдэг нэр хотол олондоо танил болон дуурсагджээ.
Нүүрэнтэйн орд газар 600 сая тонн буюу 140 жил ашиглах нөөцтөй нь нэгэнт тодорхой болсон тул. 1975 онд МАХН /МАН/-ын XVII дугаар их хурлаас Багануурын орд газарт эхний ээлжинд 2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулж улмаар жилд 6 сая тонн нүүрс олборлохоор шийдвэрлэснээр XX зууны бас нэгэн их бүтээн байгуулалт эхлэх нөхцөл бүрджээ.
Энэ нь Нийслэл хотын цахилгаан станцуудыг түлшээр хангах, нүүрс тээвэрлэх төмөр зам тавихад дөт, усны найдвартай эх үүсвэр Хэрлэн голд ойрхон, мал аж ахуй, газар тариалан хөгжсөн Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумтай хил залгаа байдал нь уурхайн хотын ирээдүйг харсан эдийн засаг нийгмийн үр ашигтай сонголт байжээ.
1976 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Зөвлөлт Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Нүүрэнтэйн хөндийн орд газарт жилд 6 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний ил уурхайг байгуулахаар тухайн үеийн Намын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1977 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоол гарч түүнийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил 1978 оноос эхлэн уурхай байгуулах техник эдийн засгийн зураг төслийг түлш эрчим хүчний яам баталж ил уурхайн даргаар ахмад уурхайчин намын шилдэг боловсон хүчин Б.Сундуйжавыг томилжээ
Багануурын уурхай, Багануур хотын бүтээн байгуулалт, улс төр нийгмийн амьдралыг бүхэлд нь зохион байгуулж удирдан чиглүүлэх үүрэг, хариуцлага хүлээж иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх зүй ёсны шаардлага амьдралаас урган гарчээ
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1978 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 202 дугаар зарлигаар Багануурын хороо захиргаа байгуулж Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд харъяалуулах болжээ. 1978 оны 10 сарын 01-ний өдөр Багануурын хороо захиргааны анхны сонгууль болж иргэд олонхын итгэлийг хүлээсэн шилдэг тэргүүний 30 гишүүнийг депутатаар сонгож маргааш нь буюу 10 сарын 2-ны өдөр анхдугаар чуулганаа хуралдуулан Багануурын хороо захиргааны даргаар уурхайн дарга Б.Сундуйжавыг хавсруулан ажиллуулахаар сонгожээ. Мөн намын байгууллага байгуулах тухай Улаанбаатар хотын Намын хорооны товчооны 1978 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 354 тогтоолоор Багануурын хороо захиргааны дэргэд орон тооны бус намын үүр байгуулах шийдвэр гарчээ.
Ингээд 1978 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануурын түр уурхайн болон Багануур дахь зөвлөлтийн барилгын II трестэд ажиллаж байсан 24 гишүүнтэй анхны орон тооны бус үүр байгуулах хурал болж намын үүрийн нарийн бичгийн даргаар түр уурхайн ерөнхий механикч П.Хуягдоржийг, товчооны гишүүнээр түр уурхайн дарга Б.Сандуйжав, худалдаа бэлтгэлийн ангийн дарга Л.Жигжид нарыг сонгожээ.
Багануурын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж шинэ аж ахуйн нэгж байгууллагуудад ажилладаг, намын гишүүдийн тоо нэмэгдэж 1979 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 386 дугаар тогтоолоор Багануурын нүүрсний уурхайн дэргэд орон тооны намын хороо байгуулах шийдвэр гарч 1980 оны 03 дугаар сарын 26-ны өдөр уурхай болон байгууллагуудын дэргэдэх үүрийн гишүүдийн хамтарсан хурлаар уурхайн анхны орон тооны намын хороог байгуулж намын хорооны нарийн бичгийн даргаар уулын цахилгааны инженер, Буджавын Мягмаржав сонгогджээ.
Уурхайн намын хороо нь районы намын хороо байгуулагдах хүртэл аж ахуй нь нэгж, байгууллагуудын дэргэдэх намын үүрүүдийг удирдлагаар ханган ажиллаж байв.
1980 он гарахад Багануурын бүтээн байгуулалт эрч хүчээ авч жилд 300 мянган тонн нүүрс гаргах хүчин чадалтай ил уурхай ажиллаж эхлэв. Багахангай-Багануурын төмөр замаар нүүрс ачсан галт тэрэгний цуваа нийслэлийг зорьж, Улаанбаатар-Багануурын өндөр хүчдэлийн шугам дэд станцуудын хамт хугацаанаасаа өмнө ашиглалтанд оржээ.
Ийнхүү нам төр захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр шинэ хотод үйлдвэр аж ахуй, соёл боловсрол, эмнэлэг, үйлчилгээний салбарууд үүд хаалгаа нээжээ.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Багануурын хороо захиргаа нийслэлийн район болгохоор шийдвэрлэсэн нь Багануурын районд МАН-ын үүрэг роль улам нэмэгдэх нөхцөл бүрдсэн билээ. Энэ байдлыг харгалзан үзэж Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 104, 105 дугаар тогтоолоор Багануурын районд намын хороо байгуулахаар шийдвэрлэн хотын намын хороонд харъяалуулахаар болжээ. Энэ үед намын байгууллага 3 үүр 100 гишүүнтэй болсон байв. Багануурын районы намын хороог байгуулах анхдугаар бага хурал 1980 оны 09 дүгээр сарын 15-нд хуралдаж бүх гишүүд оролцон намын хороог 21 гишүүнтэй байгуулж товчооны гишүүнээр Д.Дондов , Н.Доржпүрэв , Б.Мягмаржав , Ч.Раднаабазар , Б.Сайнхүү нарыг , нэгдүгээр нарийн бичгийн даргаар Дорнод аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Баатарын Сайнхүүг сонгожээ.
Шинээр байгуулагдсан намын хороо 09 дүгээр сарын 24-ний өдөр товчооны гишүүдийн хурал хийж зааварлагчаар Хэнтий аймгийн намын хороонд ажиллаж байсан ажлын мэдлэг туршлагатай Түгээмэлийн Хаянхярвааг ажиллуулах болжээ. Шинээр байгуулагдсан албан байгууллагуудад намын 4 үүр байгуулах шийдвэр гаргажээ.
1981 оны 02 дугаар сараас намын хорооны орон тоо нэмэгдэж, намын байгууллагын хэлтсийн эрхлэгчээр намын дээд сургуультөгссөн Л.Лхагвадолгор, үйлдвэр үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчаар уурхайн инженер Ц.Цэвээнбалжир, үзэл суртал, соёл хүмүүжил хариуцсан ажилтнаар Ж.Мөнхбат нар ажиллах болжээ.
Ийнхүү Багануурын районы намын хороо гал голомтоо бадрааж их бүтээн байгуулалт, төр захиргаа, олон нийт, үйлдвэр аж ахуйн байгууллагуудыг удирдан чиглүүлэх үүргээ биелүүлж эхэлсэн түүхтэй билээ.
Районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Дархан хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Пүрэвдорж томилогдон ирсэн нь намын даалгавар байжээ.
Уурхайн намын хорооны дарга Б.Мягмаржав уурхайн дарга Д.Дондов, районы намын хорооны дарга Б.Сайнхүү, захиргааны дарга Г.Пүрэвдорж нарын нэгдмэл бодлого, өндөр шаардлага, удирдан зохион байгуулах авьяас чадвар. Багануурын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байсан гэдэг.
Мөн цахилгаан шугам сүлжээний Л.Ёндон орон сууц нийтийн ахуй үйлчилгээний И.Баатар авто тээвэрийн Ш.Баасанхүү , Холбооны Д.Бугажаргалант , худалдаа бэлтгэл ангийн Бор , талхан цехийн П.Буянжаргал , эмнэлэгийн Г.Шагдарсүрэн , Ариун цэврийн станцын Г.Алтанцэцэг , эмийн сангийн С.Сүхбаатар , 10 жилийн сургуулийн С.Чимэд , Г.Хөххүү , цэцэрлэгийн Ж.Дуламсүрэн, банкны Нансал, шатахуун тугээх станцын А.Буянтогтох, туслах аж ахуйн Ч.Санжид нарын бүтээлч санаачлагатай намын гишүүд аж ахуй, сургууль, эмнэлэг, соёл худалдаа үйлчилгээний байгууллагуудыг удирдаж байжээ.
Багануурын бүтээн байгуулалт улам эрч хүчээ авч. Уурхай жилд 2 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай болж, алхагч акскаватор угсарч, 10 жилийн сургууль анхны төгсөлтөө хийж, төмөр замын өртөө байгуулагдлаа.
Бага хурал Багануурын бүтээн байгуулалтын явц байдалд үнэлэлт дүгнэлт өгч, шинэ залуу хотын тохижилт үйлчилгээнд анхаарах, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн, үзэл суртал хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, шинээр ашиглалтанд орж буй орон сууцны байруудад гадна дотно тохижилт хийх, мод бут суулгах, зүлэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар зорилт дэвшүүлж, төлөвлөгөө батлан уриалга гаргажээ. Энэ үед уурхайчдын сувилал, радио релейны шугам, бөөний худалдааны төв, хот тохижуулах контор ажиллаж эхэлжээ.
Районы намын хорооны II бага хурал 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж намын хорооны гишүүнээр 25 хүнийг сонгон анхдугаар бүгд хурлаараа баригдаж байгаа уурхайн дарга Д.Дондов, уурхайн намын хорооны дарга Б.Мягмаржав, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга Г.Пүрэвдорж, Ардын Хянан Шалгах Хорооны дарга Ч.Раднаабазар, ҮЭ зөвлөлийн дарга Н.Доржпүрэв, намын хорооны дарга Б.Сайнхүү нарыг товчооны гишүүнээр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар Б.Сайнхүүг улираан сонгосон байна.
Намын хорооны ээлжит бус бүгд хурал 1987 оны 05 дугаар сард болж Б.Сайнхүү өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Улаанбаатар хотын намын хорооны ерөнхий хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Ч.Сумаахүүг намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар, үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн нарийн бичгийн даргаар Ц.Цэвээнбалжирыг тус тус сонгож баталсан байна.
БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орон нутгийн АДХ нь дарга, орлогч нарийн бичгийн даргатай байхаар заасны дагуу Районы АДХ-ын тэргүүлэгчдийн даргаар намын хорооны 1 нарийн бичгийн дарга Ч.Сумаахүүг, орлогч даргаар АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Дашдавааг, нарийн бичгийн даргаар Т.Хаянхярваа нарыг сонгожээ. Эдгээр хүмүүс хот дүүргийн намын хороонд хот дүүргийн намын хороонд ажиллаж байсан туршлагатай бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Районы төр захиргаа, аж ахуй, нийгэм соёлын байгууллагыг удирдах явцдаа Багануурын хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлон Багануур хотыг бие даасан хот болгон хөгжүүлэхээр дээд шатны байгууллагуудаар дэмжүүлэн Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн улсын хороогоор батлуулж амжсан байдаг. Уг төлөвлөгөөнд өндөр чадлын дулааны цахилгаан станцын барилгыг эхлүүлж үйлдвэр хөдөө аж ахуйн цогцолбор барихаар ажил эхлүүлсэн боловч 90-ээд оны дуулиан шуугианаар Багануурын хөгжлийг ухраасан юм. Түүгээр ч үл барам тэр үеийн улсын бага хурлаас 1990 оны засгийн газрын бүтцийг тогтоохдоо улсын төлөвлөгөөний комисс, шинжлэх ухаан техникийн улсын хороо, Ардын хянан шалгах хороо, мэдээлэл радио телевизийн хороог татан буулгахаар шийдвэрлэсэнээс хойш “Монгол улс эрэггүй ус, эзэнгүй айл” шиг задгайрсан юм. Үүний үйл лайг ард түмэн одоо ч гэсэн амссаар байна. Эдийн засгийн хөгжил лав л хорин жилээр ухарсан гэж учир мэдэх хүмүүс харамсдаг.
1980-1990 онд намын хороо зохион байгуулалтын хувьд бэхжиж удирдан чиглүүлэх үүрэг роль нь улам өсч, үйлдвэр аж ахуй, албан байгууллагын дэргэд намын анхан шатны орон тооны бус 28 үүр ажиллаж байлаа.
1990 оноос “Улс төрийн нам”-ын тухай Монгол улсын хууль батлагдаж нам үйлдвэрлэлийн зарчмаас татгалзан нутаг дэвсгэрийн зарчимд шилжин ажиллах болсноор намын анхан шатны байгууллага , баг, хороо , суманд байгуулагдав. Энэ үеэс Багануур дүүргийн ОСГ-ын 3 хороонд намын үүр байгуулагдан анхны даргаар нь 108-р үүрт багш Я.Гийхнаран , 109-р үүрт өндөр настан Б.Нацаг , 110-р үүрт дулааны станцын инженер Ш.Баянмөнх нар сонгогдон ажилласан байна.
Энэ шалтгааны улмаас 1990 оны 05 дугаар сард намын хорооны VI бага хурал хуралдаж зохион байгуулалтын асуудал нэлэлцэн Ч.Сумаахүү өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажилаас нь чөлөөлж хотын намын хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Батсүхийн Гавьяа-Оролцоо намын хорооны даргаар сонгогдов.
Багануурын бүтээн айгуулалтын ажлыг үргэлжлүүлэн эрч хүчтэй, идэвх санаачлагатай ажиллаж байсан товчооны гишүүн, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Дашдавааг сөрөг намынхан элдвээр шахсаар байгаад огцруулж амжсан ч районы МАН-ын хорооны дарга Б.Гавьяа-Оролцоог АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргад нэр дэвшүүлэхэд арга буюу хүлээн зөвшөөрсөн.
1991 оноос өмч хувьчлал нэрээр Монголын ард түмний 70 жил хуримтлуулсан эд баялагийг хуваан авах “ариун дайн”- д Багануурын район хүссэн хүсээгүй татагдан орсон юм. Юуны өмнө Орос Монголын хамтын хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулсан Багануурын уурхайгаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд тэр үеийн намын хороо, төр захиргааг удирдаж байсан намын гишүүд улангассан дайралтын өөдөөс ухаан бодлынхоо хүчээр тулж эрсдэл багатай авч гарсан билээ. Юуны өмнө хувийн хэвшлийг дэмжин зөв голдирлоор нь явуулах, шинээр үүссэн ажилгүйдэл ядуурлыг бууруулах, халамж туслалцаа үзүүлэх зах зээлийн дэг жаягт иргэдээ дасгах, хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд бололцоотой бүхийл арга хэмжээ авч хэрэгжүүлэн ачааны хүндийг үүрч, хэцүү бэрх үеийг даван туулсан.
Гэвч Багануурын уурхайг ил далд аль нэгэн хэлбэрээр хувааж авахыг хүсэгчид хэзээ нэгэн цагт, хаа нэгтэйгээс толгойгоо өндийлгөн гарч ирэх санаагаа орхиогүй гэдгийг уурхайг түшиглэн амьдардаг Багануурчууд бид цаг ямагт санаж байхад илүүдэхгүй.
Намын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гавьяа-Оролцоо районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар сонгогдсон тул намых хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж Нийслэлийн Сүхбаатарын районы намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Жүгдэрийг намын хорооны даргаар сонгожээ
Төдөлгүй Б.Жүгдэр өөр ажилд шилжсэн тул 1992оны 12 дугаар сарын 05-ны өдрийн намын хорооны ээлжит бус бага хурлаар намын хорооны гишүүн С.Нанчинжав, М.Баасандорж, Б.Лхагва нэр дэвшин өрсөлдөж Б.Лхагва олонхын санал авч намын хорооны даргаар сонгогдов.
Хэдийгээр шинэ үндсэн хууль баталж зах зээлийн нийгэмд шилжин олон намын тогтолцоонд шилжсэн боловч нутгийн өөрөө удирдах байгууллагыг байсхийгэд бужигнуулсан хуулиуд шил шилээ даран гарсаар байв. Энэ нь ардчиллыг бэхжүүлсэн сайн талтай ч цаад утгаараа тэнд ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай ардын намын гишүүдийг аажмаар шахан зайлуулах алсын бодлоготой байсан нь нууц биш.
1996 оны намар аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль батлагдаж хувь тэнцүүлэх аргаар сонгууль явуулахад ардчилсан холбоо азаар олонх суудал авсанч дотоод зөрчлөөсөө улбаалан толхилдож эцэст нь МАХН/МАН/ - ын хорооны дарга Б.Лхагва дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн анхны даргаар сонгогдсон нь дүүрэг орон нутгаа удирдаж ирсэн манай намын бодлого үйл ажиллагаа цаашид үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн намын харъяалалаар олон хүнийг ажлаас халж , чадваргүй хүмүүсийг төрийн албанд дэвшүүлсэн, төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулж, итгэл алдсан ардчилсан намаас сонгогдсон засаг дарга Ц.Даваадрожийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож огцруулсан билээ.
Багануурын 10 жилийн анхны төгсөгч Б.Лхагва намтар түүхтэй намынхаа хороог арав гаруй жил тэргүүлэхдээ анхан шатны үүрүүдийг бэхжүүлэх мэргэжил сонирхлын бүлгэм ажиллуулах, дотоод ажлыг нь тогтворжуулахад нэлээдгүй анхаарчээ. Энэ хугацаанд дүүргийн төр захиргаа албан байгууллагуудын уялдаа холбоог намын гишүүдээрээ дамжуулан бэхжүүлэх, төсөв санхүүгийн менежментийг сайжруулах “ Эрчимтэй хөгжиж, эрүүл мэндийг дээдэлсэн, амьдарч, ажиллах аятай таатай орчин бүрдсэн хот болох” зорилт дэвшүүлэн ажиллаж зохих амжилтанд хүрчээ. Мөн намын хорооноос эрхлэн “Өнөөдрийн Багануур” сонин хэвлүүлж, Багануурын бүтээн байгуулалтанд гар бие оролцож явсан ахмад буурлуудын тухай “Бахархан дуурайх ахмадууд” номыг ивээн тэтгэж хэвлүүлжээ.
2000 оны УИХ-ын сонгуульд намын хорооноос нэр дэвшсэн Багануур хк-ний гүйцэтгэх захирал Х.Балсандорж, 2001 оны ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвшсэн Н.Багабанди нар ялалт байгуулсан нь дүүрэг орон нутгийн ажил, ард иргэдийн сэтгэлд хүрч байсны баталгаа юм.
2000 оны орон нутгийн сонгуульд намын хороогоо тэргүүлэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцсоны учир ялалт байгуулан улмаар дуургийн засаг даргаар сонгогджээ. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тодорхой зорилт дэвшүүлэн санаа зорилго нэг журмын нөхдийнхөө хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал татвар төлөгчдийн хүрээг өргөжүүлснээр дүүргийн татварын орлогын төлөвлөгөө жил бүр давж биелэн, өмнөх жилүүдэд төлөгдлөөгүй байсан аж ахуй нэгжийн хуримтлагдсан 455,0 сая төгрөгний төсвийн өрийг бүрэн төлснөөр анх удаагаа өргүй дүүргээр шалгарчээ. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 2618хүнийг бүр болон түр ажлын байраар хангажээ. Орон байргүй 96 айлд гэр олгож, орлого багатай 125 өрхөд 26 сая төгрөгийн зээл оргожээ. 1160 өрх “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрт хамрагдан газар тариалан эрхлэх болжээ. Мөн дутуу баригдсан барилгын асуудлыг шийдвэрлэн 240 айлыг орон сууцанд хамруулжээ. Ахмадын амралт хүүхдийн “Тэмүүлэл” зуслан, “Ач элбэрэл” өрхийн эмнэлэг барьж ашиглалтанд оруулсны зэрэгцээ, нэгдсэн эмнэлэг, цагдаагийн хэлтэс, гал унтрах анги “Авто жим” НӨҮГ-т шаардлагатай авто машин олгожээ. Энэ үед Багануур дүүрэг сүлд, дуу, туг, хүндэт тэмдэгтэй болж хэрэглэх заавар журмаа баталжээ.
Багануур дүүргийн ирээдүйн хөгжлийг тодорхойлж иргэд хөдөлмөрчдийн санал авахаар ахмадуудын, барилгачдын, тээвэрчдийн, эмч эмнэлэгийн ажилтны, тамирчид дасгалжуулагчдийн, тариалан эрхлэгчдийн, залуучуудын, малчдын, залгаа сумын удирдлагуудын зэрэг төрөлжсөн зөвлөлгөөн хийжээ.
Дүүргийн намын хорооны IX дугаар бага хурал 2005 оны 3 дугаар сард хуралдаж “Мон-Орос-цахим” ХХК-ний ерөнхий захирал Ц.Энхболд намын хорооны даргаар сонгогдсон байна.
Ц.Энхболд юуны өмнө гишүүд дэмжигчдийн идэвхийг өрнүүлэн, намын бодлого шийдвэрийг иргэд хөдөлмөрчдөд тайлбарлан таниулах, мэдлэг боловсрол чадвартай залуучуудаар намын эгнээг өргөтгөхөөс ажлаа эхэлжээ. Намыг дэмжигч ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны зэрэг төрийн бус байгууллагуудын ажлыг идэвхжүүлж зохион байгуулалтын олон ажил зохиожээ. Үүний үр дүнд үе тэнгийн нэгэн үеийнхний төлөөлөл болсон залуучууд намын хороог бэхжүүлсэн шинэчлэлийн үе байсан төдийгүй ажлын үзүүлэлтээрээ нийслэлийн хэмжээнд 2007 онд 3-р байр, 2008 онд 2-р байр, 2009 онд шагналт байранд шалгарчээ. Энэ нь 2008 оны 10 дугаар сарын 22ны өдөр явуулсан дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулиар батлагдаж МАН- ын хороо үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар тэргүүлэгчдийн даргаар Р.Өнөржаргалыг, засаг даргаар намын хорооны дэд дарга Ц.Сандаг-Очирыг сонгожээ.
Сонгогч олон түмнээс өндөр үнэлэлт авсан намын хорооны мөрийн хөтөлбөрийг үндэс болгон бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулсан засаг дарга Ц.Сандаг-Очир мэдлэг боловсрол, ёс зүйтэй залуучуудаар багаа бүрдүүлэн эрч хүчтэй ажиллаж эхэлсэн байна.
Төсөв санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан “Шилэн түрийвч” аяныг явуулсан нь нийслэлийн хэмжээнд анхных байсан төдийгүй хожмоо “Шилэн данс” нэртэй хууль болж улс даяар мөрдөж эхэлсэн.
Өмнөх засаглалын үед тасарч байсан татварын орлого жил бүр давж биелэсэн бөгөөд хуримтлагдсан өр авлагыг барагдуулжээ.
Малчид бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг зах зээлийн үнээс доогуур дотоодоосоо хангах болсон нь бас л шинэлэг ажил байв.
Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байхаар төвлөрүүлж, жижиг дунд үйлдвэрийг дэмжин олон зуун хүнийг ажлын байртай болгожээ.
Дүүргийн дөрөвдүгээр хорооны айл өрх, албан байгууллагууд дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдсон нь нийслэлдээ анхных байв.
Гэр хорооллын алслагдсан хэсгийг гэрлэтүүлэх, хатуу хучилттай зам тавих, биеийн тамир спортыг дэмжих, эмнэлэг сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л салбаруудад багаж хэрэгсэл тоног төхөөрөмж нийлүүлэн олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Өнчин, ядуу иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өрх тусгаарласан залууст гэр олгож, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн байна.
Намын хорооны 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар засаг дарга Ц.Сандаг-Очир олонхийн санал авч намын хорооны даргаар сонгогдов.
Намын хорооноос анхан шатны байгууллагуудын ажлыг тогтмолжуулан идэвхжүүлэх, гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөх, намын эв нэгдлийг хангахад онцгой анхаарч ажилласан. Тэрбээр сонгогчдын судалгаа гаргаж “Хөвөгч” сонгогчтой нэг бүрчлэн ажиллаж, хаягийн ухуулга хийх, сөрөг хүчнээс явуулдаг эсрэг ухуулга сурталчилгааг цаг тухайд нь шуурхай илчлэн няцаасан мэдээлэл хийж ажилласнаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дүүрэгт ялалт байгуулж мөн хороодын иргэдийн нийтийн хурал, засаг даргын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. 2012 оны дүүргийн ИТХ-ын сонгуульд угшил нэгтэй МАХН-тай эвсэл байгуулж ялалт байгуулсан боловч АН-ын хууль бус үйлдлээс болж манай нам эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэх боломжоо алдсан. Гэхдээ намын хорооноос явуулсан шударга ёсны төлөө тэмцлийн үр дүн нь тухайн үеийн дүүргийн засаг даргад улс төрийн хариуцлага хүлээлгэн огцруулж төр захиргааны эрх мэдлийг хамтран хэрэгжүүлэх болсон.
АН-ын дүүрэг, нийслэлийн удирдлагуудын Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн хууль бус үйлдлээс болж дүүргийн төр захиргаа, сонгогчдын эрх ашигт асар их хохирол учирсан юм.
Дүүрэг орон нутгаа удирдан зохион байгуулах туршлагагүй мэдлэг чадвар тааруухан хүмүүс нэрэн дээрээ “ардчилал”, “эрх чөлөө”, “шударга ёс” хэмээн хоолой мэдэн хашхирдаг боловч нэдэн дээрээ хэлснийхээ эсрэг байдаг. Хэдийгээр хэлж ярьж зөвлөж хамтран ажиллахыг санал болгодогч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй гараа өргөн бууж өгдөг.
Төр захиргааны эрхийг барьсан дөрвөн тохиолдолд хугацаанаасаа өмнө огцорч хөгжил дэвшилд саад тотгор болсон нь үнэн. Тэдний тавьсан өр зээл балаг булхайг арилгах үүрэг дараагийн засаглалд оногддог.
Хүнд нөхцөлд ажиллаж байж түүнийг нь засаж залруулаад эхэлмэгц үр дүнг нь хуваалцах гэдэг нь гэм биш зан болсон.
Дүүргийн МАН-ын ээлжит 13 дугаар бага хурал 2014 оны 03 дугаар сарын 05-нд хуралдаж өмнөх бага хурлаас хойш зохиосон ажлын болон намын дотоод хяналтын тайланг тус тус хэлэлцэж, намын үүрийн дотоод ажлыг бэхжүүлэх, жигд тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор хангах, гишүүд дэмжигчдийн бүртгэлийг цахимжуулах “Нэгдэхтүн” уриан дор ахмад, дунд, залуучууд, эмэгтэй гишүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажилласан нь гишүүд, дэмжигчид, иргэд хөдөлмөрчдийн талархал хүлээсэн юм.
Үүний үр дүнд үүрүүдийн дотоод ажил тогтмолжиж, гишүүдийн идэвхи оролцоо, хамтын ажиллагаа сайжирч идэвхтэн сонгуультны мэдлэг чадвар, дадлага дээшлэн, үүрүүд аравтын зохион байгуулалтанд бүрэн шилжлээ.
Бага хурлаас хойш Багануур дүүргийн Захирагчийн сонгууль 2015 оны 10-р сарын 18-ны өдөр болж манай намаас нэр дэвшсэн Н.Тавинбэх ялалт байгуулсан нь гишүүдэд итгэл урам зориг өгч намын хорооны нэр хүндийг өргөсөн билээ.
2016 оны УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвшигч Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн 25 төлөөлөгч түүхэн ялалт байгуулжээ.Хороодын засаг дарга, ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчид олонхын дэмжлэг авч ялалт байгуулжээ.
Иргэд сонгогчдын итгэлийг хүлээсэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир дүүргийн засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдож намын журмын нөхөд нь төр захиргааны эрхийг хаших болсон нь дүүргийн МАН-ын хорооны түүхэнд урьд өмнө байгаагүй ялалт байв. Бүрэн эрхийн хугацааны эхний жилүүдэд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, боловсрол эрч хүчтэй залуусаар төр захиргааны байгууллагыг бэхжүүлэх салбартаа танигдсан мэргэжлийн хүмүүсийг дэвшүүлэн ажиллуулжээ.
Төрийн үйлчилгээний болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаний удирдах албан тушаалд гишүүдээ байршуулах, тэдэнд улс төрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлснээр Багануур дүүрэгт үйл ажиллагаа байгаа 42 байгууллагыг намын хорооны бодлогоор томилогдсон гишүүд удирдаж дүүрэг орон нутгийн бодлогыг тодорхойлохоос гадна аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн өр авлагыг барагдуулж төсөв санхүүгийн сахилга батыг чанд сахиж хариуцлагатай ажиллаж байна гэж дүгнэжээ. Түүнчлэн намын үүрүүдээс санал болгосон 400 гаруй гишүүндээ улс төрийн дэмжлэг үзүүлэн ажил, албан тушаалд томилж тогтвортой ажлын байраар хангаад байна. Тэд намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гишүүнийхээ нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж байгааг онцлон тэмдэглэжээ.
Цэцэрлэгийн насны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдсан нийслэлийн анхны дүүрэг болжээ. Ерөнхий боловсролын сургууль бараг 1,5 ээлжтэй болж сурагчдын суралцах аятай орчин бүрджээ. Төрийн болон эмнэлгийн үйлчилгээ иргэдэд улам ойртлоо. Хот, орчны тохижилт сайжирч ногоон байгууламж бүхий талбай, зам харгуйтай боллоо. Хотын өнгө үзэмж өдрөөс өдөрт улам сайхан болж зорчсон, зочилсон олны сэтгэлийг татах болжээ.
Багануур хот маань хаяагаа тэлж соёл үйлчилгээний цэг салбарууд шаваа тавьж үүд хаалгаа нээлээ.
Энэхүү түүхэн боломж бүрдсэн нөхцөлд дүүргийн намын хорооны XIV бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж гурван мянга шахам гишүүнээ төлөөлсөн 149 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.
Бүх шатны сонгуульд 100% ялсан ялалтын буухиатай, сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийн мэдээтэй, гишүүдийн идэвх сэргэсэн итгэлийн гэгээтэй, тайлан илтгэлийг намын хорооны дарга Ц.Сандаг-Очир сонсгож хэлэлцүүлхэд төлөөлөгчид халуунаар хүлээн авч цаашдын зорилтоо тодорхойлжээ.
Бага хурал намын хороогоо шилдэг тэргүүний 65 гишүүнээр бүрдүүлж, намын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг 3 дахь удаагаа сонгожээ.
Өнөөдөр 161 аравтад 2830 гишүүн олон зуун дэмжигчид таван үүрт харьяалагдаж байна. Энэхүү зохион байгуулалтыг улам боловсронгуй болгон намын хорооноос тэдэнд тавих анхаарлаа нэмэгдүүлэх улам олон болж хүрээгээ тэлэх, түүхэн уламжлалаа ирээдүй хойчдоо өвлөн үлдээхээр шинэ зорилт дэвшүүлэн ирж яваа цагаа угтаж байна.
Ийнхүү их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Нүүрэнтэйн талд Багануур хот, уурхай, үйлдвэр аж ахуй соёл боловсролын болон дүүргийн төр захиргаа МАН-ын байгууллага гал голомтоо бадрааснаас хойш дөрвөн арван жилийн түүхийг нэгэнт туурвижээ. Энэ нь бүтээн байгуулалтын түүх бөгөөд МАН-ын хороо,түүний үе үеийн гишүүдийн дөрөө нийлсэн дөчин жилийн алхаа байлаа.
БАГАНУУРТ МАН-ЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТУХАЙ НАМЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРҮҮД
УЛААНБААТАР ХОТЫН НАМЫН ХОРООНЫ ТОВЧООНЫ ТОГТООЛ
1978 оны 10 дугаар сарын 09-ны өдөр №354 Улаанбаатар хот
НАМЫН ҮҮР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Багануурт нүүрсний ил уурхай байгуулагдан тэнд хүн ам төвлөрөн суурьшиж байгааг харгалзан:
Хотын намын хорооноос ТОГТООХ НЬ:
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.